Ugiinuur sum tuukh, soyol

zurag

2011 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Gantogtokh
 Дэлгэрэнгүй»

Хүрэл зэвсгийн үе

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Gantogtokh
  

Сумын түүхийн товч

2011 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Gantogtokh

Архангай аймгийн Өгийнуур сумын түүхийн хураангуй

(Хүрэл зэвсгийн үеээс XX зууны эхэн үе хүртэл)

Түүх, археологийн баттай баримтаас үзхэд Өгийнуур сумын нутагт хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн монгол нутаг дахь эртний улсуудын үеээр дамжин Их Монгол, Монголын эзэнт гүрэн, Юан улс, Дөчин дөрвөн хоёрын Монгол, Манж чин улсын ноёрхолын үеээс өнөөг хүртэл хүмүүс тасралтгүй нутаглан сууж өөрсдийн түүх соёлын дурсгалаа үлдээжээ.

Хүрэл зэвсгийн (МЭӨ III мянган жилээс-МЭӨ VII зуун) үеийн дурсгал орших газрууд:

v Буган чулуун хөшөө (Цайдам хэмээх газар монголын археологийн судлалд Евро-Азийн хэмээх ангилалд багтдаг буган чулуун хөшөө нэг байх ажээ).

v Хадны зураг (Баясгалан ууланд олон тооны хадны зураг бадаг)

v Дөрвөлжин булш, хэрэгсүүр (Улаанхошуу, Сантын дэнж, Өгийнуурын урд эрэг)

Эртний улсуудын түүхэнд холбогдох дурсгал бүхий газрууд:

Хүннүгийн үе (МЭӨ III -зуун – МЭ I зуун)

v Хүннүгийн үед холбогдох хот суурин

v Хүннүгийн жирийн иргэдийн булш


Тамирын Улаан хошууны Хүннүгийн жирийн иргэдийн булш:

Тамирын Улаан хошуу хэмээх газар Өгийнуур сумын төвөөс хойд зүгт 24 км зайтай оршино. Уг оршуулгын газрыг 2000 онд археологч З.Батсайхан нээн илрүүлж малтлага судалгаа хийжээ. 2002, 2004 онуудад археологч Ц. Төрбат малтлага судалгаа хийж дэвсгэр зураг үйлдэн 370 булштай хүннүгийн жирийн иргэдийн томоохон оршуулгын газар хэмээн тэмдгэлсэн байна. Ареологчид тус газар жил дараалан малтлага судалгаа хийж цөгцөн ёроолт хүрэл тогоо, төрөл бүрийн ваар сав, хүрэл толь, эрдний чулуун сувс зэрэг олон сонирхолтой олдвор олжээ.(З. Батсайхан. Төв Азийн нүүдэлчидийн түүхийн зарим асуудал. –Ареологи, Антрополги, Угсаантан судлал. МУИС-ийн ЭШБ. ¹187 (13). УБ.,2002, тал.31-35, Ц.Төрбат. Тамирын Улаан хошууны булш ба Хүннүгийн угсаатны бүрэлдэхүүний асуудалд. –Түүхийн сэтгүүл. Tom.4, Fasc.1, УБ., 2003. Тал.7-22).

Хэрэмт талын зэрэгцээ гурван хэрэм:

Өгийнуур сумын нутаг, сумын төвөөс хойш 20 гаруй км Тамирын голын хойд хөвөөнд Хэрмэн тал хэмээх газар оршдог. Тус хэрмүүд нь баруунаас зүүн тийш цуварсан гурван хэрмээс тогтоно. Баруун талын хэрэм нь 1.5 м өндөр, 400х452 м хэмжээтэй, хойд ба баруун зүүн урд талдаа хаалгатай, хаалганы өндөр 10 м, хэрмийн дотор, төв хэсэгт 35х25 м хэмжээтэй орды турь байх ба түүний буруун урдхан талд дөрвөн хэсэг шороон овгор байна.

Мөн эдгээр хэрмүүдийн ойр орчимд 4-6 км зайд Бурхан толгой, Эмээл толгой зэрэг хүннүгийн жирийн иргэдийн булш бүхий томоохон оршуулгын газрууд байх ажээ (З. Батсайхан, Ё. Баатарбилэг. Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт шинээр олдсон гурван хэрэм. – МУИС-ийн ЭШБ. Археологи, антропологи, угсаатан судал ¹187 (13), УБ.,2002. Тал. 36-38).



Түрэгийн үе (МЭ VI-МЭ VIII зуун)

Чилэн балгас:

Өгийнуур сумын “Өгий” багийн нутагт Чилэн хэмээх эртний хотын үлдэц оршино. Уг баласыг 2002, 2003 онуудад археологчид судалгаа хийж дэвсгэр зураг үйлджээ. Уг хотын үлдэцийг нутагийнхан одоо Чилэн, Чилэн балгас , Чилэн хангай хэмээн нэрийддэг байна. Чилэн нь Орхон гол дээрх Өгийн гүүрийн өмнө этгээдэд 2.5 км зайд, Орхон, Хөгшин Орхон хоёр голын хоорондох уудам цалгай хөндийн умард үзүүрт оршино. Чилэн нь зузаан шороо үелэн дагтаршуулж үйлдсэн залгаа хоёр хэрмээс бүрдсэн хот ажээ. Үндсэн хэрэм нь хойд зүгтээ байрласан бөгөөд нэг хэрмээс нь нөгөөд шууд орж гардаг хаалгатай. Одоогийн байдлаар, хойд талын гол хэрмийн үлдэц нь өндөр бөгөөд зузаан ажээ. Гол хэрмийн өндөр 59 м, хэрэм сууриараа 26 м өргөн, дээгүүрээ 4-6 м өргөн байна. Энэ хэрэм зүүн хойд хэсгээрээ хамгийн өндөр бөгөөд тэр нь гадна талаас 18 м өндөр юм (А. Очир, А. Энхтөр, Л. Эрдэнэболд. Хар Бухын балгас ба туул голын сав дахь Хятаны үеийн хот, суурингууд. УБ., 2005. Тал. 163-172). Уг балгасыг судлаачид 1900-аад оны эхээр анх нээн илрүүлж зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. В.В.Радлов, Д.Д.Букинич, С.В.Киселев, А.Очир нарын судлаачид тусгайлан судалсан байдаг. Тэд уг балгасыг Монгол нутагт ноёрхолоо тогтоож байсан Уйгар (МЭ VIII зуун-МЭ IX зуун), болон Кидан (МЭ IX-зуун- МЭ-XII зуун) улсын үед хобогдуулан үзсэн байдаг.

XI-XII зууны үеийн үеийн монголын аймаг, улсуудын үеийн Өгийнуур сумын нутаг:

Ш XI-XII зууны үед Цагаан хэрмээс Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн нурууны чанадад хүртэлх уудам нутагт монгол угсааны олон аймаг, аймгийн холбоо оршиж байв (Ж. Гэрэлбадрах. Монголын нутаг дэвсгэр хил хязгаарын түүх.УБ., 2006). Тэдгээр аймгуудын нэг нь Найман бөгөөд тус аймгийн нутгийн бүрэлдэхүүнд өнөөгийн Өгийннуур сумын нутаг багтаж байжээ.

Монгол гүрний үеийн Өгийнуур сумын нутаг:

Ш 1206 онд Их Монгол улс байгуулагдсанаар засаг захиргааны зохион байгуулалтыг хийж улсаа баруун, зүүн, төвийн түмдэд хуваан захируулсан бөгөөд, Наяа ноён Их Монгол улсын төвийн түмнийг захирах болжээ (Монголын нууц товчоо (Ц.Дамидансүрэнгийн орчуулга). УБ.,1976. Тал.164). Одоогийн Өгийнуур сумын нутаг нь Их Монгол улсын төвийн түмний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Чингис хаан амьд ахуй цагтаа өөрийн хөвүүддээ газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Өгийнуур сумын нутаг Чингисийн отгон хүү Тулуйн эзэмшилд багтаж байжээ.

Дойтын балгас:

Уг балгас нь Архангай аймгийн Өгийнуур, Хотонт сумын зааг нутаг Дойтын Цагаан нуурын өмнөд этгээдэд нуурын гадаргаас дээш 50 метрт Дойтын толгой хэмээх жижиг уулан дээр оршино. Энэхүү дурсгалт газрын төвд уртаараа 60 м, өргөнөөрөө 50 м, өндрөөрөө 1,5 м суурь, түүнийг тойроод өмнө талаас нь бусад хэсэгт тус бүр 20х10 м таван жижиг барилга байна. Нийт талбай нь хойноос урагш 150 м, зүүнээс баруун тийш 250 м. Уг дурсгалт газарт анх Оросын шинжилгээнийй анги 19-р зууны сүүлээр хайгуул судалгаа хийж схемчилсэн дэвсгэр зураг хэвлүүлжээ. Түүний дараа монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ (Х. Пэрлээ. Монгол ард улсын эрт, дундад үеийн тот сууриний товчоон. УБ., 1961), Ширайши Нориюи (Ширайши Нориюи. Монголын их хаадын улирлын нүүдэл ба Хар Хорум орчмын хотожсон газар нутаг. SA. Tom II. Fasc. 20. УБ., 2004. Тал 252-266) нар судалсан байдаг. Уг балгас Персийн алдарт түүхч Ала-Дин Ата-Мелик Жувейнийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” хэмээх сурвалжид тэдэглэж үлдээсэн Өгөөдэй хааны 1237 онд босгосон хаврын орд байсан нь археологи болон сурвалжийн баримтаар нотлогдож байна.

Юань улсын үед: Монголын эзэнт гүрэн 1260 –аад оны үеэс хэд хэдэн томоохон улсад хуваагдсан бөгөөд Монгол, Түвд, Хятадыг багтаасан Юань улс байгуулагджээ. Улмаар Хархорум төвтэй уугуул монгол орон Юань улсын давааны арын муж болон хувирчээ (Ж. Гэрэлбадрах. Монголын нутаг дэвсгэр хил хязгаарын түүх. УБ.,2006. Тал.56). Энэ үед Өгийнуур сумын нутаг давааны арын мужийн бүрэлдэхүүн хэсэгт багтаж байжээ.

Монголын феодалын бутралын үе болох XIV зууны II хагасаас XVII зууны үед монгол орон зүүн баруун хэмээх хоёр хэсэг болж зүүн монгол нь дотроо зургаан том эзэмшилд дам хуваагджээ. Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз халх түмний хойд хэсгийг өвлөн авч Хангайн уулаар төвлөн байгаад XVI зууны дундуур долоон хөвгүүндээ хуваан захируулснаас Ар халх долоон хэсэг болон хуваагдаж үүнээс Арын долоон отог буюу Халхын долоон хошуу үүсжээ. Өгийнуур сумын нутаг. эдгээр зургаан түмний нэг болох Халх түмний нэгэн хэсэг Гэрсэнзийн дөтгөөр хөвгүүн Онохуйны эзэмшил нутагт багтаж явжээ (Д.Гонгор. Халх товчоон. УБ., 1970. Тал.175). Түүний дараа Онохуйн ахмад хөвгүүн Автайн эзэмшилд багтах болсон байна (Мөн тэнд. Тал 184).

Өгийнуур сумын Өөлд ястаны уг гарвал

1702 онд Манж нар Галдангийн цэргийн нэг жанжин Равданг хэсэг ардын хамт өөрийн захиргаанд оруулан авчээ. Равдан бол Галдангийн эцэг Эрдэнэбаатар хун тайжийн дүү Мэргэн дайчингийн ууган хүү Данзан хошуучийн хоёрдугаар хүү ажээ. Манжийн Энх-Амгалан хаан түүнд төрийн жун вангийн хэргэм өргөөд, албат ардынх нь хамт Түйн голын газраа суулгаад, 1703 онд дагалдсан ардыг нэгэн хошуу болгон, Равданг засаг ноёноор тавив. Тэр үед Равдангийн албат 700 гаруй өрх байжээ. Мөн Равдан нас барсанд түүний ахмад хөвүүн Цэрэнванбууд суурийг залгамжлжээ. Цэрэнванбуу нас барсны дараа 1729 онд түүний дүү Сэвдэнванбууд хэргэм, зэргийг залгамжлуулав. 1731 онд дээрх өөлдийн хоёр хошууны Муухай, Цэрэн нар 500 орчим ардыг сэм ятган, Зүүнгард оргуулан оджээ. Үлдсэн Ойрдуудаас манжийн эрх баригсад сэжиглэн, 1732 онд тэднийг Түй, Заг, Байдраг хавиас Халх голын орчим нутагт нүүлгэн шилжүүлсэн байна (А.Очир, Т.Дисан. Монгол улсын өөлдүүд. УБ.,1999. Тал 6-8).

Тэд тэнд 30 шахам жил нутаглан суужээ. Зүүн гарын хаант улсыг байлдан эзэлснийхээ дараа манж нар уг хоёр хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, Өлзийт, Хотонт хавь газар суулган, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ. (Галдан. Эрдэнийн эрих.УБ., 1960.Т.70-71). Эл хоёр хошуу тус бүр нэжгээд сумтай байв. Чингэж Сайн ноён аймагт ойрдын хүн амаар бүрдсэн хоёр хошуу буй болжээ. 1781 онд эл хоёр хошууны ноёныг тасралтгүй үе улиран залгамжлуулахаар зарлиг гарчээ.

Манжийн дарангуйлалын үед Равдангийн хошууг өөлдийн өмнөд хошуу, Данжилын хошууг өөлд бэйсийн хошуу буюу өөлд засгийн хошуу хэмээн нэрлэж байв. Олноо өргөгдсөн Монгол улсын үед Өөлдийн өмнөд хошууг Бишрэлт бэйлийн хошуу, өөлд засгийн хошууг Сүжигт бэйсийн хошуу хэмээн нэрлэх болжээ. 1923-1924 онд Засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийх үед Бишрэлт бэйлийн хошуу нь Цэцэрлэг Мандалын аймгийн Баянбайшир уулын хошуунд, 1927 онд Батцэнгэл уулын хошуунд, Сүжигд бэйсийн хошуу нь анх мөн аймгийн Хотонт уулын хошуунд, 1925 онд Эрдэнэбулган уулын хошуунд багтжээ. 1931 онд Архангай аймгийг байгуулах үед Батцэнгэл уулын хошуунаас хуучин Бишрэлт бэйлийн хошууг салган Өлзийт сум, Эрдэнэбулан уулын хошуунаас хуучин Сүжигт бэйсийн хошууг салган Хотонт сумыг тус тус байгуулжээ. 1952 онд Өлзийт сумын 5, 6, 7-р баг, Батцэнгэл сумын 1, 12-р баг, Хотонт сумын 3,4,5-р багийг таслан авч, нэгтгээд Өгийнуур сумыг байгуулжээ (Ц.Содномдагва. БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны хуваарьт гарсан өөрчлөлтүүд (1921-1965). УБ.,1967.Тал 65-66, 78-82 ).

Тийнхүү одоо Архангай аймгийн Өлзийт сумын үндсэн хүн ам тэр чигээрээ, Хотонт, Өгийнуур сумын хүн амын нэлээд нь хуучин Бишрэлт бэйл, Сүжигт бэйсийн хошууны ардуудаас бүрджээ. Тэд одоо ч өөрсдийгөө Галдан бошготын албатаас дайны хөлөөр тасарч үлдсэн хэмээн ярьсаар байна. Тэд Галдан бошготын шүтээн Алтан зуу, бусад бурхан, ном судрыг 1930-аад он хүртэл хадгалж шүтсээр байжээ. Харин халхчуудын дотор 200 гаруй жил суухдаа халхжин өөрсдийн хуучин хувцас хунар, гэр орон, зан заншилын зүйлээ мартаж халхтай бараг ижилсжээ.

Манжийн ноёрхлын үед (1691-1911). Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг (Одоогийн Өлзийт сумын нутгийн хамтаар) “хавсран захирагдсан Өөлдийн хойт хошуу” хэмээн нэрлэгдэж байжээ. Мөн баруун өмнөд хэсгийн өнөөгийн нутаг манжийн ноёрхолын үед “хавсран захирагдсан Өөлдийн өмнөд хошуу” –ны нутагт багтаж байжээ. Харин өмнөд хэсгийн газар нутаг нь халхын Очирайбат Түшээт сайн ханы хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан байна (Ц.Содномдагва. БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны хуваарьт гарсан өөрчлөлтүүд (1921-1965). УБ.,1967. Тал. 13, 18, 225-230).

Богд хаант Монгол Улсын (1911-1921). Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг 1922 онд Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу гэж, харин баруун өмнөд нутаг нь Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, өмнөд хэсгийн нутаг нь Халхын Очирбат Түшээт сайн ханы хошууны хойд захад хамаарагдаж байжээ Ц.Содномдагва. БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны хуваарьт гарсан өөрчлөлтүүд (1921-1965). УБ.,1967. Тал. 13, 18, 225-230).

Ардийн засгийн жилүүдэд (1923-1931). Өгийнуур сумын нутгийн хойд хэсэг Цэцэрлэг Мандал уулын аймгийн Баянбайшир уулын хошуу гэж нэрлэгдэн бүрэлдэхүүнд, баруун өмнөд хэсгийн нутаг нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хотонт уулын хошуу, Эрдэнэ булган уулын хошуунд нутгийн бүрэлдэхүүнд тус тус багтаж явжээ Ц.Содномдагва. БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны хуваарьт гарсан өөрчлөлтүүд (1921-1965). УБ.,1967. Тал. 225-230).

Өгийнуур сум байгуулагдсан нь:

1952 онд Хотонт сумын 2, 4, 5-р баг, Батцэнгэл сумын 1, 12-р баг, Өлзийт сумын 5, 6, 7-р багуудыг оруулж Өгийнуур байгуулжээ. Харин Өгийнуур сумын “Туяа” нэгдэл нь 1955 онд байгуулагдсан байна. 1960 онд сум нэгдлийн нэгдмэл удирдлагатай болж, 1965 онд 161,9 мянган га нутаг, 1002 гишүүн, нийгмийн өмчийн 47,0 мянган мал, 1,7 сая төгрөгийн мөнгө орлого, 3,5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болжээ (Ц.Содномдагва. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинчлэлт (1691-1997). Тал 400-401).

Өгийннуур суманд тэмдэглэгдсэн овгууд: Баатад, Боржигин, Өөлд, Харнууд, Хойд, Хошууд, Цахар, Цорос, Монгол, Урианхан (А. Очир. Ж. Сэржээ. Монголчуудын овгийн лавлах. УБ.,1998, С. Дэмбрэл. Ар Монголын аймаг хошуу, сумдын нутаг түүний овог. УБ., 1997.Тал.16).

Сүм хийд: 1845 онд Оромбо гэгээн бариулсан 4 дацан, 4 дуган, 4 жастай Түвд лам нар голдуу суудаг чулуу тоосгоор бариусан хүрээ байжээ (Д. Майдар. Монголын хот тосгоны гурван зураг (эрт, дундад, XX зууны эх). УБ.,1970.Тал 67, Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлий атлас. УБ., 1979.Тал 50). Уг хийдийн турь одоо Өгийнуурын умардад Баясгалант уулын өвөрт орших ажээ. Уг хүрээ нутаг хошуундаа Оромын хүрээ нэрээр алдаршжээ.

Мөн Өгийнуур сумын нутагт Хорчиг гүнийн хурал (Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлий атлас.УБ., 1979) хэмээх хийд байсан гэх мэдээ байх боловч чухам хаана байсан нь тодорхойгүй байна.